СУМДЫН ТАРХМАЛ НАРНЫ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮР, БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ХОСОЛМОЛ СИСТЕМИЙН ТӨСЛИЙН АУКЦИОН

Монгол Улсын Эрчим хүчний яамнаас төвийн болон бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон алслагдсан сумдын цахилгаан хангамжийг бэхжүүлэх зорилгоор нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын хосолмол төслийн өрсөлдөөнт аукционыг албан ёсоор зарлалаа. Сонгон шалгаруулалтын хүрээнд төвийн бүсийн 5 байршилд нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр болон 135 МВт / 440 МВт·ц багтаамжтай батарей хуримтлуурын систем (BESS) байгуулахаар төлөвлөөд байна.
Төсөл нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буюу бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP) загвараар хэрэгжих бөгөөд шалгарсан компаниуд төслийн зураг төсөл, санхүүжилт, барилга угсралт, ашиглалт үйлчилгээг цогцоор нь хариуцах юм. Энэхүү аукционд дотоодын 54, гадаадын 29 болон хамтарсан 31 консорциум буюу нийт 114 аж ахуйн нэгж оролцохоор хүсэлтээ ирүүлээд байна.
Үүнээс гадна баруун болон зүүн бүсийн нарны болон батарей хуримтлуурын IPP төслийн саналуудыг хүлээн авч эхэлжээ. Төрөөс эдгээр ухаалаг тархмал эх үүсвэрүүдийг нэгдсэн сүлжээний горим тохируулгад ашиглаж, өвлийн оргил ачааллын үед гардаг эрчим хүчний хязгаарлалтыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.


